Түүхийн хуудас

Түүхийн замнал

Тус сум нь Халхын Сэцэн хан аймгийн Сэцэн чин вангийн хошууны нутагт үүсч байгуулагдсан түүхтэй. Сэцэн чин вангийн хошуу нь 1691 онд Халхын дорно замын баруун гарын дундад хошуу нэртэй 8 сум, 1200 эрийн албатай байгуулагдсан бөгөөд Богд хаант Монгол улсын үед 6 сум, 40 отогтой байжээ.

Шолой Сэцэн хааны 7 дугаар хөвүүн Бадамдаш, Бадамдашийн хүү Дамба, Дамбын ахмад хөвүүн Цэвдэн эрх тайж цолтой Энх-Амгалангийн 28 дугаар он буюу 1689 онд анх хошууны Засаг ноёноор өргөмжлөгдсөн байна. Цэвдэн ноёноос хойш тус хошууг 9 ноён үе залгамжлан захирч ирсний хамгийн сүүлчийн хошуу ноён нь Жүн ван Гомбосүрэн юм.

Жүн ван Гомбосүрэн ноён Бадаргуулт төрийн 34 дүгээр он буюу 1908 оноос 1923 он хүртэл тус хошууг захирч байжээ. Энэ үед хошуу нь 13 сум, 60 отогтойгоор зохион байгуулагдаж 2400 гаруй өрх, 16000 хүн ам, 74000 толгой малтай байсан байна.

1921 онд ялсан Ардын хувьсгалын эхний жилүүдэд Ардын засгийн газраас орон нутгийн засаг захиргааг шинэчлэн зохион байгуулах талаар олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь Засгийн газраас 1923 оны 10 дугаар сарын 19-ны өдөр гаргасан 38 дугаар тогтоол юм. Энэ тогтоолоор урьд нь язгууртан феодал ноёдын нэрээр нэрлэж байсан аймаг хошууны нэрийг өөрчилж газар усны нэрээр нэрлэх болсон байна.

Энэ үеэс Сэцэн хан аймгийн сэцэн чин вангийн хошууг Хан хэнтий уулын аймгийн Оцол сансар уулын хошуу хэмээн нэрлэх болжээ. Энэ хошуу нь Айраг, Баянжаргалан, Баян-Эрхт, Даланжаргалан, Дэлгэрхаан, Дэлгэрхэт, Их-Эрээн, Ихжаргалан, Нялга, Цагаан-Айраг зэрэг 16 сумтай байв. Засгийн газраас урьд нь хошууны түшмэл байсан. Сүндэвдонойг тус хошууны даргаар томилж, хошууг Чойроос зүүн урагш Элдэвийн голд төвлөрүүлэн байгуулсан байна. Энэ үед Нялга сумын харъяат хошууны бичээч байсан Чимэдийн Батбаярыг хошууны Цэргийн хэлтсийн даргаар томилон ажиллуулсан байдаг. Ч.Баятбаяр нь 1921 онд Ардын журамт цэрэг Нийслэл хүрээнд орж ирсний дараа Цэргийн яаманд алба хашиж байжээ.

1923 оны 6 дугаар сард Алтад гэдэг газарт хошууны их хурлыг зарлан хийлгэж, сумуудыг зохион байгуулахад Нялга сумыг 16 арван, 154 өрх, 633 хүн ам, 32000 толгой малтайгаар байгуулж, сумын анхны даргаар Цэвэгсүрэн гэдэг хүнийг сонгосон байна.

БНМАУ-ын Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 5 дугаар тогтоолоор Засаг захиргааны шинэчлэн өөрчлөлт хийж, 5 аймгийг 13 аймаг болгон зохион байгуулж, отог, хошуудыг татан буулгаж оронд нь сум, багуудыг томсгон байгуулсан байна.

Энэ зохион байгуулалтаар Оцол сансар уулын хошуу татан буугдаж, сумууд нь одоогийн Дундговь, Дорноговь, Хэнтий, төв аймгуудад харъяалагдах болсноор Нялга сум төв аймагт шилжин ирсэн юм. Тус сум 1927 оноос Нүдэн, 1933 оноос Модон зэрэг газруудад төвлөрч байгаад 1960 онд 4 дүгээр сараас одоогийн байгаа Баясгалант уулын энгэрт төвлөрчээ.

Тус сумыг Засаг захиргааны өөрчлөлтөөр 1956 онд татан буулгаж 1,4,5,6,8 дугаар багуудыг нь Баян суманд, 2 дугаар багийг нь Дорноговь аймагт, 3 дугаар багийг нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд тус тус шилжүүлжээ.

1959 онд нэгдэлжих хөдөлгөөн ялах үеэр тус суманд байгуулагдсан Шинэ-Амьдрал, Баян суманд байсан Оргил нэгдлүүдийг нийлүүлж, Засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалт хийгдсэнээр 1959 оны 7 дугаар сарын 1-нээс тус сумыг дахин байгуулж, Баянжаргалан хэмээн нэрлэх болжээ.

Тус суманд 1922 онд МАХН-ын 13 дугаар үүр, 1928 онд Эд хэрэглэгчдийн анхны хоршоо, 1935 онд хүн эмнэлгийн санитарын салбар, 1938 онд 25 хүүхэдтэй Ардын бага сургууль, 1939 онд мал эмнэлгийн салбар үүсч байгуулагдсан байна.

Хоёр.Сумын газар нутаг, хүн ам, нийгэм соёлын өнөөгийн байдал

Манай сум нь 280,0 га нутаг дэвсгэртэй тал хээрийн бүсэд оршдог. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, зүүн талаараа Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан, Цэнхэрмандал, Дэлгэрхаан, өмнө талаараа Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, баруун талаараа Төв аймгийн Баян, хойд талаараа Архуст, Баяндэлгэр сумдуудтай хиллэдэг.

Улаанбаатар хотоос 145 км, Төв аймгаас 148 км, Багануураас 80 км зайтай оршдог, Манай сумын нутагт Баян-Эрхтий, Жаргалант, Баясгалант, Уушиг, Уяат, Нүдэн, Тогос зэрэг далайн түвшнээс дээш 1200-1500 м өндөр өргөгдсөн уулс, Хашаат, лагт, Модон, Их, Бага уул, Дэлгэр цогт, Хүн овоот, Өгөөмөр, Бөөрөлжүүт, Малх, Ар булаг, Хүдрийн уудам цэлгэр талууд, Шорвог, Шар худаг, Ботгон, Төгрөг, Сайн, муу хөөт, Гэзгийн бүрд, хаяа бүрд, Гашууны хужир шүүтэй тойром, бүрдүүдтэй.

Нутгийн зүүн талаараа Хэрлэн гол 60 км орчим газраар урсан өнгөрдөг. Том жижиг 30 орчим нуур, цөөрөм, хар ус, булаг шандуудтай.

Сумын нутаг дэвсгэрийн 30 орчим хувь нь говь, тал хээрийн элсэрхэг цайвар хүрэн хөрстэй, ихэвчлэн бургас, харгана, хайлаас, буйлс, дэрс, бутуул зэрэг модлог, агь таана, хөмүүл, мангир, шувууны хөл зэрэг сонгинолог, гоньд, хазаар өвс, ерхөг, хиаг, дэгд, сөд зэрэг бэлчээрийн болон эмийн ургамал ургадаг.

Ан амьтдаас тарвага, зурам, үнэг, хярс, чоно, мануул, дорго, туулай, хүрэн, цагаан зээр зэрэг амьтад, хун, галуу, тогоруу, ангир, нугас, ятуу, ногтруу, элээ, бүргэд, шонхор, цахлай зэрэг жигүүртэн шувуудтай. Хэрлэн гол төрөл бүрийн загасаар баялаг.

Байгалийн өвөрмөц тогтоц бүхий Тогос хайрхан уул, Тогосын өврийн дөрвөлжин чулуун хөшөө зэрэг 10 гаруй хөшөө дурсгал, Гуа дов, Цэцгэн хээт авдар чулуу, Бумбын уулын оройн булш, Салхит уулын энгэрийн булш, Дунд голын хүн чулуу зэрэг түүх соёлын дурсгалт газар, Ерөөлт хангай, Жаргалант, Тогос овоо, Их өгөөмөр, Их уул, Дэлгэр цогт овоо, Баян-Эрхт овоо зэрэг эртний тахилгат газруудтай. Байгалийн баялагаас алт, хүрэн нүүрс, нефть, шатдаг занар, битум, бал чулуу, нохойн чулуу, уст цахиур, боржин, утаат болор, үйлдвэрлэл техникийн зориулалт бүхий хар, цагаан шавар зэрэг ашигт малтмалын нөөцтэй. Эдгээр ашигт малтмал, байгалийн баялагаас одоогоор Хөмүүлтийн цагаан шавар, Зүүн цагаан толгой, Гэдгэр хангайн төмрийн орд, Нүүрст хонхорын хүрэн нүүрс, Шанганы кокостой нүүрсний орд, Хар үзүүрийн занар, хүрэн нүүрс, Модон, Төгрөгийн хүрэн нүүрс, Баян-Эрхтийн битумыг үйлдвэрлэлийн зориулалтаар авч ашиглаж байна.

Одоо тус сум нь Засаг захиргааны хувьд 3 багийн зохион байгуулалттай, сумын төвд 320 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 188 хүүхэдтэй, 36 багш, ажиллагсадтай 9-н жилийн дунд сургууль, 50 хүүхэд амьдардаг дотуур байр, 50 хүүхэд, 12 багш, ажиллагсадтай хүүхдийн цэцэрлэг, 5 ортой, 26 эмч, сувилагч, ажиллагсадтай эрүүл мэндийн төв, 200 хүний суудалтай соёлын төв, 5000 мянган боть номтой номын сан, 120 үзмэртэй орон нутаг судлах музей, Шинэ-Ус сүрэг ЗБН, Баян-Эрхтий сүрэг ЗБН, Угалз ус ХБК   зэрэг   хувийн мал эмнэлэг, Олон нийтийн интернэт мэдээллийн төв, , харилцаа холбоо Mobicom, Gmobile, Unitel гэсэн 3 үүрэн телефонтой, эрчим хүчний салбар, Петровис ШТС, _____ортой Зэндэм зочид буудал Баясгалант ХХК, Баян-Эрхтий, Өгөөмөр, зэрэг 8 нэрийн барааны дэлгүүр, 2 мухлаг, Их нялга хоршоо, Амьд таван эрдэнэ хоршоо, Дугуй засвар, блокны үйлдвэр, эсгийний үйлдвэр, халуун ус, саун, үсчин, Гэдгэр хангай болон Зүүн цагаан хошуунд Анхай интернэшнл ХХК-ны төмрийн хүдрийн уурхай   зэрэг аж ахуйн нэгж, төсөвт байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

Тус сум нь 474 өрх, 1558 хүн амтай. Хүн амын үндсэн бүтэц нь нутгийн халхчуудаас бүрдсэн Авгачуул, Агсахал, асуд, Бага догшин, Бага монгол, Барга, Баяуд, Боржгин, Бүүвэй, Гахан, Гучид, Их догшин, Бага монгол, Тавнан, Халбагад, хар гучид, Цоохор, Цээжин, Шарнууд зэрэг 20 гаруй овог удмын хүмүүс оршин суудаг бөгөөд Монгол улсаараа нэрлэгдсэн Монгол овог нь   зөвхөн Нялга Баянжаргалан суманд байдагаараа бахархууштай.

Сумын иргэдийн хэрэглээ нийгэм соёлын түвшин жил бүр дээшилж, 16-49 насны нийт хүн амын 90 гаруй хувь нь ямар нэгэн боловсрол эзэмшиж, сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1988 онд баригдсан 110/35/10квт-ийн дэд станцтай. Хөдөөгийн айл өрх 100% нар салхины эрчим хүч ашиглан 18-аас 71 сувгийн кабелийн телевиз үзэж, хүн бүр гар утас хэрэглэж айл өрхүүд сүүлийн үеийн стандартын шаардлага хангасан бүх төрлийн цахилгаан бараа хэрэглэж байна.Сумын төвийн төсөвт байгууллагууд нь тусдаа бага оврын уурын зуухтай, Засаг даргын тамгын газар, Номын сан, Цагдаагийн кабоны барилгуудыг цахилгаанаар халаадаг. Нийт өрхийн ____________хувь нь мотоцикль, _______гаруй айл хувийн автомашинтай.

Сумын эдийн засгийн гол үндэс нь мал аж ахуй юм. Одоо тус сум 114312 толгой малтай бөгөөд малынхаа ашиг шимийг дээшлүүлэхийн тулд хонио Үзэмчин, Баянцагаан хуцаар, ямаагаа Сүхбаатарын Баяндэлгэрийн улаан ухнаар сайжруулан өсгөж байна.

Сум түүхэндээ анх удаа 1996 онд “Түмэн адууны баяр” хийж 2013 онд 114312 мянган толгой мал тоолуулсны дээр мянгат малчдын тоо 73-д хүрч анх удаа Аймгаа алдаршуулсан мянгатууд зөвөлгөөнийг 2013 оны 03-р сарын 14 нд зохион байгууллаа. Мал аж ахуйн материаллаг бааз бэхжиж малын хашаа _______, Гүн өрмийн 29, богино яндант 2, энгийн уурхайн 80 худаг ашиглагдаж байна.Нийт өрхийн __________хувь нь өвөлжөө, хаваржаагаа 40 жилийн хугацаатай эзэмшээд байна.

Тус сумын ард түмний дотроос төр засаг, түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж Улсын хошой аварга малчин Р.Рэнцэндорж, саальчин Н.Ичинхорлоо, Улсын аварга малчин Г.Бат-Эрдэнэ, Ж.Нямдаваа, Р.Рэнцэндорж, Ч.Ухна, Д.Дашдондог, Д.Батбаатар нар шагнагдаж аймгийн аварга цолыг 21 малчин, Сумын аварга 36 малчин,   спортын зэрэг цолтой тамирчид 10 гаруй төрөн гарчээ. Энэ хугацаанд төрийн дээд шагнал

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 7

Алтан гадас одонгоор 20

Хөдөлмөрийн хүндэт медалиар 21

Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор 4

Байлдааны медалиар 2

Засгийн газрын хүндэт жуух бичгээр 14 хүн тус тус шагнагдсан байна.

Сумын сэхээтнүүдийн дотроос Клиникийн Ш нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны дэд доктор, Монгол улсын төрийн шагналт мэс засалч агсан П.Дондов, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит, шагналт яруу найрагч П.Бадарч, МУИС-ийн тэнхимийн эрхлэгч, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор агсан Р.Балдорж, ХСИС-ын цагдаагийн сургуулийн захирал доктор, профессор цагдаагийн дэд хурандаа Н.Ганбадрал   ХАА-н дэд доктор агсан Н.Гүржав, Эдийн засгийн ухааны дэд доктор, дэд профессор Л.Дуламсүрэн, Сурган хүмүүсүүлэх ухааны дэд доктор Н.Нэргүй, Улсын тэргүүний уран сайханч уртын дууч Н.Уламбаяр, Зууны манлай дуучин Сарантуяа, Үндэсний сурын спортын “Улсын мэргэн” харваач Д.Өлзийбат нарын шижлэх ухаан, урлаг спортын олон сайчуудыг төрүүлэн гаргаснаараа бахархдаг юм.

Манай сумын ард түмний дотроос 1939, 1945 оны байлдаанд олон арван эрчүүд биеэр оролцож, эх орноо хамгаалах ариун үйлсэд халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж явжээ. Тэдний дотроос 1939 оны Халхын голын байлдаанд Ц.Бямбаа, Н.Төмөр, С.Ганчулуун, Х.Очир, Б.Гончигравжаа, 2 удаагийн дайнд Л.Дамчаа-Яримпил, Д.Загд, Х.Дамчаа нар оролцсоны дээр 1945 оны чөлөөлөх дайнд 20 гаруй хүн оролцжээ. Тэдний дотроос хөнгөн пулемётын наводчик Ц.Бямбаа, ахмад дайчин Д.Загд эмэгтэй, Л.Дамчаа-Яринпил нар гарамгай байлдсаны учир “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”-оор шагнагдаж байсан байна.

Баянжаргаланчууд зах зээлийн өнөөгийн нийгэмд хүн бүр оюун ухаан, хүч чадлаа дайчлан хөдөлмөрлөж, өтрт ёсоо дээдлэн, үндэсний ёс заншлаа сэргээж, орон нутгаа хөгжүүлэх зориг эрмэлзлэл дүүрэн байна.

Вэб холбоос